

Энэтхэгийн иргэн Сухас Гопинат нь 1986 онд төрсөн бөгөөд захирлуудын зөвлөлийн хамгийн залуухан дарга болж байсан. Тэрбээр 14 настайдаа coolhindustan.com сайтыг нээж, Globals Inc гэсэн хувийн IT компанийг байгуулж байжээ. Тиймдээ ч хамгийн залуу захирал,вэб сайт боловсруулагчаар тодорч байв. Өдгөө Сухасын фирм АНУ-ын Сан-Хосед бүртгэлтэй бөгөөд вэб сайт нээдэг нэр хүндтэй байгууллага болсон төдийгүй дунд сургууль болон бусад газрын программ хангамжийг хариуцдаг. Жижигхэн хувийн компаниар ажлаа эхэлсэн бяцхан суутны ажил ахар богино хугацаанд алдаршиж, дэлхийн 11 оронд төлөөлөлтэй корпораци болтлоо “томорсон”. Госпинат 2008- 2009 онд “Дэлхийн шилдэг залуу лидер” өргөмжлөл хүртсэнээс гадна олон улсын олон шагналтай.

Пакистан гаралтай Арфа Карим /1995-2012/ нь 2004 онд есөн настайдаа Microsoft компанийн хамгийн залуу мэргэжилтэн болж байв. Тэрээр компанийн төв байранд уригдан ирж Билл Гейтстэй уулзсаныхаа дараа Пакистан төдийгүй дэлхий дахинаа алдаршсан юм. Арфа хэдэн жилийн туршид дэлхийн олон оронд зохиогдож байсан технологийн хурал, чуулганд улсынхаа нэрийг мандуулсаар иржээ. Гэвч 2011 оны сүүлээр Арфагийн бие гэнэт муудаж, мэдрэлийн гаралтай татаж унах өвчин туссан байна. Арфагийн эрүүл мэндэд Билл Гейтс ихэд санаа тавьж, олон улсын шилдэг эмч нараар баг бүрдүүлэн өвчнөөс ангижруулахыг хүссэн боловч охиныг аварч чадаагүй юм. Бяцхан суут охин 16-хан насандаа хорвоог орхисон юм.

Пакистаны бяцхан суутан Бабар 1997 онд төрсөн бөгөөд таван настайдаа программ зохиож эхэлсэн бол есөн настайдаа Microsoft компанийн тусгай үнэмлэхтэй мэргэжилтэн болжээ. Бабар нь өндөр технологийн салбартаа мэргшсэн авъяастан юм. Өдгөө тэрбээр Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо амьдардаг.

Македонийн харъяат хүү 2000 онд төрсөн. Найман настайдаа Microsoft компанийн системийн удирдагч болж, есөн настайдаа хамгийн залуу системийн инженер болсон байна. Марко онцгой хүүхэд болох нь төрсөн цагаасаа илэрчээ. Дөнгөж хоёр настайдаа уншиж, бичиж сурсан төдийгүй компьютер сонирхож эхэлсэн байна. Түүнд Microsoft компаниас олгосон дөрвөн гэрчилгээ бий. Тэрээр Windows 7–ийн засварын системийн номын зохиогч. Түүнд 15 компьютер бүхий хувийн лаборатори байдаг бөгөөд өдөрт 4-10 цагийг тогтмол компьютерийн ард өнгөрүүлдэг гэнэ.

